Захирлын Мэндчилгээ

Эдийн засгийн үндэсний дээд сургуулийн ЦАХИМ ХУУДСАНД зочилж буй эрхэм Таны түмэн амгаланг эрье.

Өнгөрсөн ХХ зууны төгсгөлөөр гадаадын хөрөнгө оруулалтаар анхлан байгуулагдсан тус сургуулийн хамт олон шинэ ХХI зууны танилцуулгаа Та бүхэнд өргөн барьж байна.

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд манай сургууль нь 20 гаруй хөтөлбөр, мэргэжлээр олон удаа төгсөлт хийж, сургалтын материаллаг бааз, багшлах боловсон хүчний хувьд бүрэн бэхжиж, хот, дүүргийн хэмжээнд удаа дараалан шилдэг сургуулиар шалгарч, шинжлэх ухааны тодорхой чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил явуулдаг, дипломын болон бакалавр, магистрын сургалт эрхэлдэг, сургалт-эрдэм шинжилгээний байгууллага болон хөгжиж, үндэсний дээд боловсролын салбарт нэр хүнд бүхий хамт олны нэг болон төлөвшсөн болно.

Эдийн засгийн үндэсний дээд сургууль нь Герман-Америк Монголын хамтын материаллаг болон оюуны хөрөнгө оруулалтаар анх байгуулагдаж, өөрийн эзэмшлийн гурван байранд, сургалтын орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслэлээр иж бүрэн тоноглогдсон сургалтын орчинд үйл ажиллагаа явуулж байна.

Манай сургууль Австрали, Америк, Герман, Малайзи, Сингапур, Орос, Хятад, Солонгос, Тайвань зэрэг орнуудын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж, зохих шаардлага хангасан оюутнуудыг эдгээр орнуудад бакалавр, магистрантур, докторантурын сургалтанд зуучлах, шилжүүлэн суралцуулах хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, англи, хятад, орос, солонгос хэлний сургалтанд явуулах ажлыг зохион байгуулж байна.

Манай сургуулийг төгссөн мэргэжилтнүүд эх орныхоо өнцөг булан бүрт, нийгмийн төрөл бүрийн салбарт бүтээлчээр хөдөлмөрлөж, гадаадын өндөр хөгжилтэй орнуудад үргэлжлүүлэн суралцаж, ажиллаж, амьдарч, төгсгөсөн сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж байна.

Өөрийн үйл ажиллагаандаа Монгол улсын дээд боловсролын стандарт, Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл(БМИҮЗ)-ийн сургалтын чанарын үзүүлэлтүүдийн шаардлагыг бүрэн хангаж, ахисан түвшинд гурван удаа магадлан итгэмжлэгдсэн, Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны ISO 21001:2019 олон улсын стандартуудыг хэрэгжүүлсэн, Америкийн ACBSP байгууллагын Олон улсын магадлан итгэмжлэлт, манай орны гадаадын хөрөнгө оруулалттай анхны дээд сургуулийн эрдмийн өргөөний гэгээн үүд залуус Та бүхний өмнө ямагт нээлттэй байна.

Шинжлэх ухааны онолын өргөн мэдлэг, орчин үеийн өндөр боловсрол эзэмших ариун эрмэлзлэлтэй, хүн төрөлхтний хөгжлийн хойч ирээдүй болсон залуус Та бүхний санасан бүхэн сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье !.